Монгол улс өнөөдрийн байдлаар олигархуудын занганд бүрэн орсон тул төр шашин 2 зэрэгцэн оршдоггүйтэй адил төр олигарх 2 хамтран удаан оршин тогтнох ямарч үндэслэлгүй юм. Энэ утгаараа манай төр нэг ёсны улс төрийн шилжилт хийх ёстой. Олигархууд гэж аль Ельциний үед байсан нэр томьёо, одоогийн энэ төрийн эрхийг гартаа авсан эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын тулд орж ирсэн эрх баригчдыг плутогархи гэвэл зохилтой гэж үзэх онолчид ч бас байдаг. Орчин үеийн улс төрийн шинэ онолоор өөрт хуримтлагдсан мөнгөнийхөө ачаар төрийн эрх мэдэлд хүрсэн хүмүүсийг плутогарх хэмээгдэж байна. Хэдийгээр олигарх хэмээх үг бодит улс төрийн өнөөгийн нөхцөлд нийцэхээ больсон боловч нэгэнт энэ гуншин өнөөдөр монголын олон түмэнд түгсэн байна.

Өнөөдөр монголын олигархууд төрд эрх ашигаа тулгаж буйг өөрчилж төр олигархуудад эрх мэдлээ тулгах механизмыг бүрдүүлэх нь өнөөгийн эрх баригчдын гол зорилго байх ёстой. Монголын Төр өөрийгөө олигархаас салгах явц нь дараах 4 аргачлалын үндсэн дээр хийгдэж болох юм. Үүнд

1. Хагаралаар (Fracture) : Олигарх эрх баригчид фракцад хуваагдаж өөр хоорондоо хагарсны үндсэн дээр хоёр хуваагдан харилцан бие биенийгээ төрөөс унагах

2. Хэлэлцээрээр (Negociation) : Шинээр хүч түрэн орж ирсэн сөрөг хүч байсан цагт харилцан хэлэлцээний үндсэн дээр олигарх болон сөрөг хүчин хэлэлцээр хийж төрийн эрх мэдлийг хуваан захирна.

3. Эрс тэс өөрчлөлтөөр (Breaking) : Олон түмэн тайван жагсаалаар эсвэл шударга сонгуулиар дамжин нийтээр эсэргүүцэн олигархуудийг гарцаагүй байдалд оруулан унагах эсвэл олон түмэн масс зэвсэглэн хүчээр засаглалаа унагах

4. Хувиралтаар (Transformation) : Олигархууд бага багаар хувиран зарим нь төрд үлдэж ихэнх нь төрөөс сална. Явахаасаа өмнө өөрсдийгөө хамгаалах бүрэн гэрээг төрд үлдсэн нөгөө хэсэгтэйгээ яс тохиролцож хийснээр төрөөс сална.

Энэ 4 аргачлал тус бүрдээ өөрийн гэсэн тодорхой нөхцлүүд бүрэлдсний үндсэн дээр явагдана.

Хагаралын хэлбэр бол олигарх олноор төрд шургалсан Монголын нөхцөлд явагдах бүрэн бололцоотой ч цаг хугацаа шаардагдана мөн олигарх лидер фигурууд, том голлох фракцууд алга байна. Олигархуудын хагарал (Березовский, Гусинский)ыг ашиглан Путин Оросын голлох олигархуудыг 2000 оны сүүлээр албан ёсоор дуудаж уулзан : – Улс төрд оролцохгүйгээр та нар татвараа шударгаар төлөөд яв хариуд нь Оросын төр та нарыг тайван бизнесээ хийх орчинг бүрдүүлэнэ – гэснээр ОХУ олигархуудаасаа салж чадсан. Хэрэв нэг олигарх энэ тохиролцоог эвдэх гэж оролдвол татварын асуудалаар Кремлийн овоо хараанд өртдөг байлаа. Харин энэ тохиролцоог хүндэтгэн мөрөөрөө явбал хэн ч ямар ч асуудалд өртсөнгүй.

Хэлэлцээрийн аргаар олигархийн дарангуйлалаас салах хэлбэрийн хувьд бол Монголд хэцүү асуудал болоод байна. Учир нь ганц нэгээрээ дургүйцлээрээ нэгдсэн жижиг иргэний хөдөлгөөнүүд, сонгуулийн үеэр амь ордог жижиг намууд, атаа хорсолдоо нэвчиж эргээд засгийн эрхэнд гарах бодол агуулсан хуучин удирдагчийн нам болон ганц нэг биеэ даасан цогтой тэмцэгчид бүгдээрээ нийлээд ч Монголд найдвар төрүүлэх хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй. Олигархууд ч дөнгөж ургаж эхэлж цэцэглэж амжаагүй үед нь сөрөг хүч болж болох элементүүдийг ганцаардуулах, өөртөө уусгах бодлого барин нам дараад авч байна.

Эрс тэс өөрчлөлт гэхээр одоогийн Монголын нөхцөлд бүр бараг боломжгүй зүйл. 7 сарын 1ний үйл явдлаар сүрдүүлэн  нийгэмд айдас суулгах бодлогоо бүрэн хэрэгжүүлсэн.

4-рх аргачлал буюу хувиралт нь Монголд бараг бүрэн хэрэгжих нөхцөл бөгөөд одоо биш хэдэн жилийн дараа хэрэгжинэ. Олигархууд өөрсдийнхөө залгамж халааг цоо шинэ аргаар гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл өөрсдөө өөрсдийнхөө сөрөг хүчинг зохиомлоор бүрдүүлэн гаргаж нийгэмд танилцуулаад өөрсдөө ялагдсан дүр үзүүлэн улс төрийн талбараас холдоно.

Олигархуудийн гол алдаа бол нийгмийн бүх асуудал, ер нь бүх зүйл мөнгөөр шийдвэрлэгдэнэ гэж үздэгт оршино.

Үргэлжлэл бий…

 

Publicités