Цэвэр усны хурц доголдолд орсоор яваа, эдийн засгийн өсөлт саармагжсан, интернэт блог facebook-ээр нам төрөө сэм сэмээр шүүмжлэх нь олширсон хятад залуустай, улс төрийн товчоо нь дотроо тэмцэлтэй ийм л улсыг 2012 оны 10 сард Ху Жинтао залгамжлагч нартаа хүлээлгэж өгөх гэж байна даа. БНХАУ одоогоор цаашид яаж ч эргэж болох хямралтай боловч энэхүү улс нийгмийн халамжийнхаа тогтолцоонд бага багаар гаргасан амжилтыг[1] нь үгүйсгэх гээгүй байнаа. Манайх ч яахав архи уу гээд дэмий мөнгө тараачиж байна. Урд хөрш бол Нийтийн Эрүүл мэндийн болон тэтгэвэрийн сандаа хуримтлал үүсгэн социалист хөрөнгө оруулалт хийсээр явна. Ажлын байр үүсгэх нь нийгмийн хямралаас хол явах хамгийн “шалгарсан” арга тул нийт 600 тэрбум доллар заржээ.  Энэ хөрөнгө оруулалт бас дандаа эерэг үр дүн дагуулаагүй ч ерөнхийдөө бол зөв зүйтэй.

Гэвч…

Цаг наргүй ажилладаг жирийн ядарсан иргэд шинэ цагийн онгироо баячуудын хооронд дэндүү их ялгаа улам гарсаар байна. Хятад нийгмийн хамгийн өвөрмөц нь маш их үндсэрхэг бардам чанар. Аливаа нийгэмд байдаг үндэсэрхэг үзэл нь цаанаа ганцхан л утгыг агуулж байдаг.  Ядрах тусмаа ямар ч улс гүрэн болоод хувь хүн бардам байдаг сэтгэхүйн тогтолцоотой.

Үндсэрхэг үзлээ ямар ч нийгэм 2 янзаар илэрхийлдэг юм. Эсвэл бардамналаар эсвэл өөрийгөө өмөөрдөг юм. Саяхан хятадууд чигчийн чинээ арлаас болж филиппинүүдтэй яаж харьцснаас л харж болно. Нэт дээр филиппинүүдийг төрөл төрлөөр “доромжилсон” үзэгдэнэ. Хятад хүн бүр нулимахад Филипинн арал живэх юм гэнэ.

За энэ ч яахав би гол нь Бо Силайгийн талаар ярих гэсэн юм. Холливудын овсгоотойхон найруулагч бол саак полар кино хийчмээр үйл явдал сая болж өнгөрөв. БНХАУ-н улс төрийн Товчоонд ирээдүйн Хятадыг удирдах 9 динозаврийн нэг гэж төлөвлөгдсөн Бо Силай хэмээх 62 настай, улаан хувьсгалч эцэгтэй Чонгун хотын улс төрийн хорооны дарга асан энэ этгээд хятадын хувьсгалын ахмад зүтгэлтэн эцгийнхээ нөлөөгөөр улс төрд нэр хүндтэй “халдашгүйд” тооцогдсоор ирсэн. Хятад “Кеннеди” хэмээн барууны хэвлэлүүдэд цоллуулсан энэхүү эр дотор хүнд цөөн тохиолддог хөнгөн шингэн наргианч илэн далангүй зантай.

Сая 2012 оны 3 сарын 15-нд БНХАУ-н засгийн газар Чонгун хотын Намын үүрийн хорооноос энэ хүнийг авч хаяв. Албан ёсны мэдэгдэл нь : “Нөхөр Бо Силай сахилга бат дэг журмыг ноцтой зөрчсөн тул Коммунист Намын хорооноос энэхүү этгээдийг Улс Төрийн Товчооноос хасахаар шийдвэрлэв” гэжээ[2]. Энэнээс илүү тайлбар албан ёсны эх сурвалжууд өгсөнгүй.

Харин хятадын нэтээр facebook, twitter-ээр дамжин олон мэдээлэл сэнсац цуварч гарлаа. Энэ хэл амыг хаах гэж эрх баригч нар нь нийт 26 вэбийг хааж, элдэв комментуудыг устгаж үзэлцэв. Учир нь Бо – гийн баруун гар болсон цагдаагийн дарга Ван Льюжин нь Бо-гийн эхнэр Гу Кайлайг англи иргэнийг “хорлож” алсан хэмээн сэжиглэснээр Бо Силай энэ хэргийг хаах гэж оролдсноос[3] Ван Льюжин ажлаасаа халагдан боловсролын хэлтэсийн даргаар томилогдон очсон гэнэ. “Томилсон” хүн нь мэдээж Бо. Хэлмэгдэхээсээ айн Ван Льюжин АНУ-ын консулын газар гүйж очин орогнол хүссэнээр үйл явдал идэвхтэй өрнөлөө.

Гэтэл гэнэт цочроосон үйл явдал болсон нь Бүх Хятадын төв хорооноос Бо-г намын үүрийн үүрэгт ажлаас нь чөлөөлж энэ хүний улс төрийн карьер дуусгавар болсон байна.

Авгай нь хүн алсан хэрэгээр шоронд сууж байна. Бо одоогоор лааз өшиглөж байна. Хувь заяа нь хааш эргэх нь мэдэгдэхгүй байна. Энэ үйл явдал интэрнэт хэрэглэгч хятад залуус барууны хэвлэлүүдийн амны зугаа болсоор 2 сар өнгөрсөний эцэст “дуусгавар” болов.

Хамгийн гол нь энэ үйл явдал маш том юмны илрэл болж байгаа юм. Улс орноо сүүлийн 10 жил “эвт ёсоор” удирдаж ирсэн Ху Жинтао, Вэн Жибао 2 халаагаа өгөхөөс хэдхэн сарын өмнө ийм юм болно гэж зүүдлээгүй нь лавтай. Энэ бол КН-ы дотор болж байгаа зөрчил болон Төрд нуугдсан авилгалын том илрэл хэмээн хайкэр хятад залуус болон барууны хэвлэлүүд шуугисаар. Вэн Жибао ч өөрөө ил мэдэгдсэн нь – Хэрэв бид улс төр эдийн засгийн эрс шинэчлэлүүдийг хийхгүй бол соёлын хувьсгал маягийн түүхэн эмгэнэлүүд явагдаж болох талтай, хуруу дарам цөөхөн Хятад банкууд хэтэрхий амархан мөнгө олж байна, банкны монополыг устгая  хэмээжээ.

Дэглэмээ болон хятад төрийн капитализмийн дутагдалт талыг шүүмжилсэн ил далд, явган нүцгэн яриа сүүлийн үед олширсон нь бол үнэн. Бо-гийн авгай өөрийнхөө нөхрийн захирсан хотын том том албан тушаалуудын мөнгөөр худалддаг байсан гэнэ. Албан тушаал наймаалцсанаар тэрбумтан болсон гэнэ. Хоёр хүүхдээ өндөр үнээр Англид хувийн сургуульд сургаж байсан гэнэ. Бо-гийн эхнэр тэр англи эр хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан гэнэ. Төрийн эргэлт явагдах шахсан гэнэ. Намын төв хорооны 9 гишүүний нэг болохын тулд тавьсан урхиндаа өөрөө орчлоо гэнэ. Бо Америкуудад худалдагдсан байсан гэнэ. Өчнөөн юм нэтээр “яригдав”.

Ямар ч байсан 26 сайт хаагдаж 10 хүнийг турхирсан хэргээр баривчлав[4]. КН-ы сүр хүч одоохондоо хямралтай ч бат бөх байна. Хятад “ардчилагдаад” сүр бадруулах нь ч хаашаа юм, ямар ч байсан нийгэм нь ялангуяа залуучууд нь өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх сонирхолтой болсон байна.

Ирэх 10 сарын хурлаар эрх баригчид нь солигдоно. Шинэ эрх баригчид нь нийгмээ өөрчлөх гэж зүтгэхгүй дэглэмээ улам батжуулахыг л эцсийн зорилгоо болгоно.

Хамгийн гол нь Монголын талаар баримтлах бодлогод ямар ч өөрчлөлт гарахгүй…


[1] The Lancet, vol. 379, mars 2012

[2] AFP 2012 оны 4 сарын 11

[3] Ройтер агентлаг, 2012 оны 3 сарын 22нд мэдээлэв.

[4] AFP 2012 оны 4 сарын 11

Publicités