Michel Foucault

 

Surveiller et punir

 

Францын эрдэмтэн Мишел Фукогийн алдарт бүтээлүүдийн нэг болох “Сахилга бат ба ял шийтгэл” хэмээх ном[1] анх 1975 онд хэвлэгдсэн байна. Нийгмийн ухааны бахархал болсон энэхүү эрдэмтний талаар танилцуулах хэрэгтэй боловуу. 1926 онд энэ Мишэл Фуко Францад жирийн нэг мэс засалч эмч мэргэжилтэй гэр бүлд мэндэлжээ. Анх сэтгэц мэдрэлийн эмч мэргэжилээр суралцаж эхэлсэн оюутан Фуко 1950 оноос эхлээд гүн ухааны салбарыг сонирхон судлах болж  цаашлаад нийгмийн ухааны олон салбаруудад хувь нэмрээ оруулсан нэгэн билээ. Францын Шинжлэх Ухааны Академи Коллеж дэ Франсд 1971 оноос лекц унших болсон бөгөөд эдүгээ дэлхийд алдаршсан нэрт эрдэмтэн гэдэг нь маргашгүй юм. Энэ үед амьдарч бүтээлээ туурьваж байсан олон эрдэмтэд байдагаас дурьдав[2]. Чухамхүү энэ үеийн алдарт эдгээр эрдэмтэдийн тоонд зүй ёсоор ордог нэгэн билээ.  Энэхүү бүтээлийн танилцуулах журмаар жижиг маягийн товч хураангуй гаргахаар шийдсэн тул хаяж орхигдуулсан бас бус зүйлс байж болохыг анхаарна уу. Энэ номын франц нэрийг “Цагдахбагэсгээх, Шоронүүссэннь хэмээн үгчлэн орчуулж болох.  Англи орчуулга нь арай товч болсон буюу “Discipline and Punish. 1975 он бол Францын нийгэмд асар том өөрчлөлтүүд гарч “орчин үежилт” өрнөсөн үе байлаа. 1968 онд залуучууд өөрчлөлт шинэчлэл шаардаж их өөрчлөлтийн үйл явц[3] эхлээд 7 жил өнгөрч байсан үе юм. Фуко бол амьдралынхаа туршид олон эсэргүүцэл тэмцэлд оролцож дуу хоолойгоо нэгтгэж явсан хүний хувьд хорих газрын зохион байгуулалт болон яллах системийн бүтцэд дорвитой өөрчлөлт оруулах хөдөлгөөн санаачилж энэ явцад олсон туршлагатаа тулгуурлан энэхүү бүтээлээ бичжээ.

 

Энэ бүтээлийн агуулга:

 

  1. 1.     Тарчлаан тамлах

 

а) Ялтангуудын бие мах бод

б) Эрүүдэн тамлах явдал газар авсан нь

 

2. Шийтгэл

 

а) Ял шийтгэлийн дарамтыг чангалах

б) Ялыг хөнгөрүүлсэн нь

 

  1. 3.     Сахилга бат

 

а) Бие мах бодыг дуулгавартай болгох нь

Хуваарьлах урлаг

Үйл ажиллагааны хяналт

Зохион байгуулалт

Сахилга бат сахиулах, хянах, шийтгэх эрх бүхий байгууллагын бүтэц

б) Дарамт ба шийтгэл

Шатлан эрэмбэлсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа

Эрх зүйн нарийн зохицуулалтай боловсронгуй аргаар гэсгээх нь

Хянан шалгах

Паноптизм

 

4. Шорон

 

Засан хүмүүжүүлэх сахилга сахиулах хянан цагдах гэсгээх эрх бүхий               цогц байгууллагууд

Хууль бус явдал ба гэмт үйлдэл

Хорин Тусгаарлах нь

 

 

Нийт 4 бүлэгтээ ял шийтгэл шоронгийн зохион байгуулалтын түүхэн хувьслыг харуулахын сацуу хүний нийгэмд сахилга бат, ял шийтгэл ямар үүрэгтэй болохыг задлан шинжилжээ.

 

Мишэл Фукогийн бүтээлүүдийг тайлбарлана гэдэг амаргүй ажил боловч бичигдсэн цагаасаа эхлэн бүтээл хэвлэгдсэнээс хойш олон эрдэмтэд тус тусдаа өөрийн мэргэжилийн үүднээс тайлбарласан өгүүлэлүүд олонтаа гаргасан бөгөөд энэхүү бүтээл нийгэм судлалын түүхэнд маш чухал өвөрмөц баялаг агуулга, арга барил болон бичлэгийн хэлбэрээрээ ч анхаарал татсан билээ. Энэхүү бүтээлийг шинжлэхдээ 3 үндсэн дэвшүүлсэн санааг нь түүвэрлэн авч сийрүүлэхийг оролдов. Ерөнхий байр сууринаас авч үзвэл энэ эрдэмтэн ямар нэгэн нийгэм судлалын салбарын хүрээнд баригддаггүй (interdisciplinaire) агаад цаг хугацаа түүхэн хувьсалыг (évolution) нь дэлгэрүүлэн үзэхдээ түүхийн он цагийн дараалалд (chronologie) бас хамаардаггүй. Энэхүү бүтээл бол Гэмт үйлдэл үйлдсэн этгээдийг нийгэм хэрхэн үзэж дүгнэж, гэсгээн шийтгэж, хүмүүжүүлэн засан залруулах оролдлого хийж ирж вэ ? Мөн энэхүү үйл явцтай зэрэгцэн хүний нийгмийн хувьсал явагдахдаа нэг хэлбэр утга агуулгаас нөгөө хэлбэр утга агуулагад улам өргөшин нарийн боловсронгуй хэлбэрт орж ирсэн мөн чанарыг задлан үзүүлсэнээр нийгэм судлалын түүхэнд үлэмж хувь нэмэр оруулсан билээ. Энэ бүтээлийн бүтэн нэр нь Сахилга бат ба ял шийтгэл, шорон үүссэн нь. Үүнд өгүүлснээр шорон гэдэг бол мөн чанартаа дан ганц хууль зүй дүрэм журам шүүх засаглалын бүтээгдэхүүн биш (х.314). Шорон гэдэг бол өөр утгатай. Шорон бол угтаа сахилга батжуулсан эрх мэдлийн механизмаас үүдэлтэй (х.259) хэмээжээ. Ингээд бүтээлийн туршид энэ дэвшүүлсэн санаагаа яаж тайлбарлаж байгаа нь маш сонин юм. Уг бүтээлийн бүтэц 4 сэдвийг тойрон задласан нь гарчигууддаа ил.

 

Тарчлаантамлаххэмээхэхнийбүлгийн гол санаа нь нэгдүгээрт Шорон хорионы түүх бол ял шийтгэл оноох үйл явцын түүх мөн. Гэмт хэрэг хийсэн хүнийг Католик шашин ноёлж байх үед европод нийтийн дунд олон түмний нүдний өмнө бусдын жигшил зэвүүцлийг төрүүлэх хэлбэрээр ил тод хэрцгийлэлээр хийгддэг байсан бол хорин цагдах үйл ажиллагаа нь бага багаар аажимдаа улам боловсронгуй болж ял шийтгэл нь хэрцгий хэлбэрээ нууж далд хэлбэрт шилжиж цаашдаа ял шийтгэлийн механизмыг бүүр хүндрүүлэн шүүх засаглалын аппаратууд , цэрэг цагдаа, шүүхийн элдэв байгууллагууд, өмгөөлөл гэх мэт бүхэл бүтэн байгууламжуудаар хариуцуулан олон түмний нүднээс далдуур нууц далд байдалд оруулсан.

 

Өөрөө хэлбэл шоронд хорино гэдэг бол угтаа тухайн ялтаныг яллаж засан хүмүүжүүлэхдээ бус, Шоронд хорино гэдэг бол тухайн нийгэмд амьдарч буй энгийн хүмүүсийг хэрхэн эрхшээлдээ дуулгавартай оруулах арга хэрэгсэлийн нэг чухал хэсэг гэдгийг харуулжээ. Энгийн хүмүүсийг эрхшээлдээ оруулах арга хэрэгсэлийг нийтэд нь Фуко нэрлэхдээ бие мах бодийн бодлогот технологи[4] (technologie politique du corps) хэмээсэн бөгөөд Шорон гянданд хэрэгжиж эхэлсэн энэхүү технологи Сурган хүмүүжүүлэх бусад байгууллага болох Сургууль, Цэргийн хуаран, Эмнэлэгтэй мөн чанараараа адил юм.

 

Ер нь шорон шүүх засаглал гэдэг бол орчин үеийн хүний нийгэм байгуулалтын хамгийн том төөрөгдөл мөн гэдгийг батлахын тулд тайлбарласан нь :

 

–       Шорон хичнээн боловсронгуй болсон ч гэмт хэрэгийн тоог багасгана гэж байхгүй.

–       Шоронд түгжигдэн хоригдсон хүмүүс суллагдсаныхаа дараа ихэвчлэн дахин хэрэгт орооцолддог.

–       Шорон өөрөө гэмт хэрэгтэнгүүдийн үйлдвэрлэл болдог.

–       Шорон гэмт хэрэгтэнгүүдийг хооронд нь холбодог буюу нэгдмэл байж нэг нэгнээсээ суралцах боломжийг олгодог.

–       Шоронд хоригдсон хүмүүсийн цаад гэр бүл нь эмзэг байдалд орж гэмт хэрэгт татагддаг.

 

Энэхүү бүтээл бичигдсэний дараагаар Шүүх засаглал болон Эрүүлийг хамгаалах олон салбарт их шуугиан дэгдэж 1981 оноос Францын анхны социалист засгийн газар эдгээр салбаруудад өөрчлөлт хийгдсэн байдаг бөгөөд нийгэм судлалын салбарт ч гэсэн олон бүтээлүүд ар араасаа бичигдсэнийг тоймлон өгүүлэв[5].

 

Шорон гэж байхгүй бол тэгээд нийгмийн гэрээг зөрчиж гэмт үйлдэл хийсэн этгээдийг яах билээ гэсэн асуулт гарч ирнэ. Нэг сэтгүүлд өрсөн ярилцлагатаа тэрбээр хариу болгож :

 

« Шорон гэдгийнхээ мөн чанарыг бид мэдэж байх ёстой. Шорон гэдгийг олонх хүмүүс зөвхөн гэмт хэрэгтнийг цээрлүүлэн гэсгээх үүрэгтэй гэж үздэг нь асар өрөөсгөл юм. Наанаа их энгийн зүйл харагдах боловч цаанаа маш том нуугдмал буглааны илрэл гэдгийг санаж явах ёстой. Энгийн жишээ татахад гэмт хэрэгтэн гэж байхгүй бол цагдаа сэргийлэх гэж байхгүй. Цагдан сэргийлэх хүч бол угтаа гэмтнийг олж илрүүлж шийтгэх дан ганц үүрэгтэй бус өдөр тутам энгийн хүмүүсийн дунд хянаж шалгаж дүрэмт хувцас өмсөж олны дотор явж байдаг. Энэ чинь л энгийн хүмүүсийг шалгах цагдаж хянах шинэ үүрэгтэй болсон байна. Үүнийг ч нийгэм зүй ёсны хэмээн хүлээн авдаг болжээ. Ийм учраас гэмт хэрэг гэдгээр далимдуулан энгийн хүмүүсийг цагдах хянах хэрэгсэл болон хувирсны цаад учир нь эрх мэдэл байна ».

 

Энд эрх мэдэл (Pouvoir) гэгдэх ойлголтыг зайлшгүй дэлгэрүүлэн үзэх шаардлагатай болж байна. Франц улс Хаант засаглалтай байх үедээ гэмт хэрэг хийсэн хүний ялыг бие мах бодоор нь эдлүүлэн тарчлаан цээрлүүлэх явдал байлаа. Тарчлаан тамлах үйл явц 2 үндсэн шинж чанарыг агуулдаг. 1) Ялтны бие мах бодийг нь тамлах, 2) Тарчлаах үйл явцыг олны өмнө ил байлгаснаар хаант засаглал өөрийн сүр хүч эрх мэдлийг олны өмнө тунхаглан дуулгавартай байлгахын тулд сахилга бат дэг журмыг олон түмэнд шууд бусаар сануулдаг.

 

Уг бүтээлээс товч ишлэн татваас :

 

« …Нэг хүний махбод бол олон төрлийн эрхшээлд байдаг. Хүний мах бодод хөрөнгө оруулж, тамгалж, номхруулж, тарчлааж, хүчээр биеийн хүчний ажил үйлдүүлж, сахилгажуулж, сургаж, элдэв ёс заншилаар үйл хөдлөлийг нь удирдаж үр өгөөжтэй байхыг шаарддаг. Энэ бүхний эцсийн зорилго бол хүний бие махбодыг эдийн засгийн үр өгөөжтэй болгох явдал…Хүний махбодыг гэсгээх явц дараах хоёр агуулгатай. Үүнд гэмт хэрэг хийсэн хүнд ял эдлүүлэнэ гэдэг бол ганц тэр хүнийг гэсгээх бус бусад нийгмийн гишүүдэд дохио сануулга болж байх ач холбогдолтой болсноороо дан ганц бие мах бодийн цээрлүүлэлт бус сэтгэл санааны агуулгад шилжиж байна.

 

Энэ технологийг ойлгохын тул зангилаа болох эрх мэдэл гэдэг ойлголтыг эрдэмтэн Фукогийн байр сууринаас тайлбарлах хэрэгтэй болно. Эрх мэдэл бол энэ эрдэмтний гол судалгааны бай билээ. Эрх мэдэл гэдэг бол зөвхөн Төр засаг захиргаанд байдаг юм биш, Засаг захиргаанд буй хэдхэн эрхтэн дархтан албан тушаалтангуудын өмч бус. Эрх мэдэл бол хаа сайгүй байдаг бөгөөд хуваагддаггүй, баригддаггүй, өмчлөгддөггүй шинж чанарыг агуулдаг. Эрх мэдэл бол аливаа нийгэм дэх хүмүүс хоорондын хүчний харилцааны цогц хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл эрх мэдэл гэдэг бол нийгмийн эд эс болгонд цаг ямагч илэрч байдаг нэг нь нэгийгээ захирах, удирдах, хөтлөх, дагуулах зэрэг хүмүүсийн хоорондын харилцаа бөгөөд энэ нь эхнэр нөхөр хоёрын, эх эцэг хүүхдийн, Эмч өвчтөн хоёрын, эзэн ажилчин хоёрын ч харилцаанд ч байдаг зүйл ажгуу. Ийм шинж чанартай тул энэхүү эрх мэдлийг дан сөрөг ойлголт гэж үзэж болохгүй. Харин ч эерэг сөрөг тал хосолсон хүний нийгмийн харилцааны байнга хувирч байдаг хөдөлгөөнт сүлжээ мөн. Тиймээс энэхүү эрдэмтний тайлбарлан задласан эрх мэдэл гэдэг ойлголтыг дан ганц хүчирхийлэл, албадлага, дарангуйлалаас тусд авч үзэх хэрэгтэй юм. Эрх мэдэл эрх чөлөө хоёр хоорондоо байнга харилцан үйлчилж, бие биенээ нөхцөлдүүлж, байр сууриа солилцдог нь харагдана.

 

Аливаа хүн эрх чөлөөтэй байх асуудал дээр эрх мэдэл гэдгийг тодорхойлж болно. Эрх мэдэл бол урдаас эсэргүүцэх байр суурийг үүсгэдэг. Жишээ нь Капитализмийн мөлжлөг тэсэхийн аргагүй болж ирмэгц ажилчид хүчээ нэгтгэн тэмцсэнээр ангийн тэмцэл үүсэв. Ижил хүйстнээ сонирхогчдод нийгмийн дарамт шахалт үзүүлэх үед эрх мэдлийн гарт орсон тэдгээр хүмүүс эсэргүүцэл үзүүлж ижил хүйстэний бэлгийн харьцааг хууль ёсоор хүлээхийг шаардав. Төрөх амаржих болон жирэмслэх явцыг орчин үед эмнэлэгийн өвчтөн шиг болгож үр хөврөл олох явдлыг нь элдэв эмээр удирдах боломжтой болгож эм эмнэлэг зайлшгүй мэт болсон нь эмэгтэйчүүд дунд далд хэлбэрийн эсэргүүцэл дургүйцэл үүсгэж эмэгтэйчүүд хоорондоо нэгдэж феминист хөдөлгөөн бий болох шалтгааны нэг болсон. Ийм хэдэн жишээнээс үзвэл эрх мэдэл эрх чөлөө хоёр хоорондоо зөрчилдөж байр сууриа шинээр тодорхойлж байнга хувирч байгаа нь харагдана. Зүйрлэвээс овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? Ийм тул энэ нь эргээд эрх мэдэл өөрөө байр сууриа өөрчлөхөд хүргэдэг.

 

Улс төр, Нийгмийн ухаан болон гүн ухаанд Фукогоос өмнө хүмүүсийн хоорондох харилцааг эрх мэдэл хэлбэрээр авч үзэх тохиолдол ховор байлаа. Голчлон шүүх засаглал засаг захиргаан дээр эрх мэдэл гэдэг тогтдог гэсэн нийтлэг үзлээс Фуко татгалзжээ. Орчин үед хүмүүст эрх чөлөөтэй гэж ойлгуулснаар эрх мэдэл өөрийгөө нууцалж далдалжээ. Хувь хүний эрх чөлөө гэдэг гоёмсог үгэнд итгэсэн орчин үеийн хүмүүс өөрийгөө эрх чөлөөтэй мэт бодох тул тэдний нийгмийн харилцаан дунд эрх мэдэл нуугдаж, байнга хөдөлгөөнтэй, хувирч өөрчлөгдөж байдаг. Эрх мэдэл гэж бодонгуут албан тушаалтангуудыг төсөөлдөг явдал бол өрөөсгөл. Хүн өөрийнхөө эрх мэдлийг ухамсарлах нь туйлын чухал ажгуу. Өөрийнхөө мэдлэг, эрх мэдлийг ухамсарлахгүй бол хүн бусдын эрхшээлд ордог.

 

Эдүгээ нэг нь нөгөөгөө хянадаг хязгаарладаг орчинд бид амьдарч байна. Энэ нэг нь нөгөөгөө хянадаг систем цаг ирэх тусам улам боловсронгуй болж буйг бид мэдэж буй билээ (Хамгийн энгийн жишээ гудамжны камерууд, дүрэм журам, интернет систэм). Бид үүнийг зүй ёсны байх ёстой зүйл хэмээн хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Энэхүү үзэгдэлийн гол шалтгаан бол эрх мэдэл өөрийнхөө  жинхэнэ нүүр царайг нууж чадсандаа байдаг гэжээ.

 

Ингэхээр эрх мэдэл гол оршдог талбар нь эрх чөлөө мөн. Үүний тайлбар жишээ болгож Фуко шорон үүсэх явцаар төлөөлүүлэн үзүүлжээ. Өөрөөр хэлбэл шоронгийн болон гэсгээн цээрлүүлэх үйл ажиллагааг дүгнэснээр эрх мэдлийн жинхэнэ мөн чанарыг гаргаж ирэх явдал юм. Барууны орнуудад аль 17-р зуунаас авхуулаад хянах цагдах, шалгах, тэнцвэржүүлэх, хуульчлах болон нэг нормд орохыг шаардах үйл явцаар дамжуулан эрх мэдэл өөрийгөө зүй ёсны болгож нийгмээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэжээ. Энэ бүх үйл явц хааны харгис албадлага биш зүй ёсны тогтолцоо болон хувирчээ.

 

Эрх мэдэл өөрийгөө нууцлах арга нь хүмүүст өөрийг нь эрх чөлөөтэй гэж ойлгуулах явдал мөн. Шорон гяндангийн гол зорилго бол гэмтнийг гэсгээх үйлдэл огт биш харин шоронд ороогүй хүмүүсийг эрх чөлөөтэй хэмээн ойлгуулахын тулд хийгдсэн эд. Ийм тул эрх мэдлийн нүүр царай үнэндээ маш нууц байдаг гэжээ. Нийгмийн гэрээг зөрчихгүй бол та нар эрх чөлөөтэй гэж хэлж байгаа. Шорон гяндан бол энэ итгэл үнэмшилийг төрүүлэх чухал хүчин зүйл юм. Эрх мэдэл хүний эрх чөлөө гэсэн онолоор өөрийгөө нуух арга боловсруулсан нь энэ.

 

 

Хоёр дах дэд бүлэг буюу Тарчилгаа газар авсан нь. Энэ хэсэгт хүний сэтгэхүйн онцлогийг нарийн тайлбарлажээ. Жишээ нь яллах үйл явц ямар учиртай вэ? Эрүүдэн тамлах үйлдэл бол ямарч байсан огт хууль зүйгүйгээр бусдын бие махбодыг зовоох явц биш. Энэ бол бүхэл бүтэн техник болж хөгжжээ. Энэхүү эрүүдэх үйл явц яагаад тамлан тарчлаах утгыг агуулдаг вэ? Хүний бусдад учруулсан сэтгэл санааны эсвэл бие махбодын хор хохирлыг буцаан ялтанд нь хохирогчийг төлөөлөн ял эдлүүлэнэ гэдэг үйл явцын сэтгэл зүйн процесс хэрхэн ямар үр дүнд хүргэдэг вэ?

 

Хоёр дах гол бүлэг буюу Шийтгэл

 

Аж үйлдвэржилт эхэлсэн 18-р зууны үеэс Европод рационал сэтгэхүй зонхилж шинжлэх ухааны нээлтүүд ар араасаа цуварч эхлэх үед Франц улс хаант засаглалаа унагаан Парламэнт засаглал эрчээ авсэн үеэс эрүүдэн тамлах явцыг нийгэм дургүйцэж хүлээн авдаг болжээ. Гэвч хүний хэрцгий чанар, эрүүдэн тамлах үйлдэл устаж үгүй болно гэж байхгүй. Нууц далд хэлбэрт шилжин энгийн хүмүүсээ сахилга бат хууль журам сахихыг шаардаж зохион байгуулалтад оруулж эрх чөлөөний талаарх суртал ухуулгуудаа олшируулсан тэрхүү үетэй зэрэгцэн эдийн засаг болон улс төр шүүх засаглалуудын олон онолууд ар араасаа цуварч гарч ирсэн байдаг.  Ингээд шууд бусаар бүхэл бүтэн олон дамжлагатай байгууллагуудаар дамжуулан эрүүдэлтээ үйлддэг болсон.

 

Эрх мэдэл 2 төрлийн технологи хэрэглэдэг :

 

–       Сахилга батжуулах (quadrillage disciplinaire),

–       Эрх тэгш бусын эдийн засаг (Economie des illégalismes).

 

Бүх хууль зүйн байгууллагууд энэ 3 технологийн үндэслэл дээр тулгуурлан оршин тогтнодог. Энэ номын гол дэвшүүлсэн асуудал энэ бүлгийн эцэст буюу эхлээд олон түмэнд нээлттэй шууд ил биетэйгээр тамладаг процесс олон дамжлагатай олон хууль дүрэмтэй нууц байдалд орсон бэ? Нийгмийн халамжын буюу Хүмүүнлэгжүүлж хүнлэгжүүлсэн суртал үнэндээ бол нийгмийг бүхэлд нь сурталжуулах улс төрийн хэрэгсэл хэмээн нэрлэсэн байна.

 

 

Гутгаар бүлэг буюу сахилга бат

 

Эдүгээ бидний амьдарч буй нийгэмд сахилга бат, эмх цэгц, дэг жаяг, дүрэм журам бол байх ёстой гэж үздэг, үүнийгээ ч орчин үед хүмүүс соёлжсон хөгжсөн гэж үзэж зүй ёсоор хүлээн зөвшөөрч бусдад тулган хүлээлгэдэг болсон билээ. Гэтэл энэ бүхэн яг ямар учиртай хүний оршихуйд гарч ирсэн бэ? Цаанаа ямар мөн чанартай вэ гэдгийг тайлбарлан ойлгох нь чухал билээ. Эрх мэдэл хэрэгжих талбар бол эрх чөлөө хэмээн дүгнэсэн бол эдүгээ эрх мэдлийн бааз суурь гол үндэслэл бол мэдлэг[6] юм.

 

Эрх мэдлийн зэрэгцээгээр Фукогийн лавшруулан судалдаг судлагдахууны нэг болсон мэдлэг хэмээх ойлголт энд гарч ирж байна. Мэдлэг гэдгийг монгол хэлнээ хөрвүүлэн буулгахад бас амаргүй байлаа. Мэдлэг чадвар уу? Судалгаа ухаанаас ургасан мэдлэг үү? Мэдлэг гэдэг бол чадвар гэсэн ойлголтыг давхар агуулж байна. Чадваргүй хүн чадвартай хүнийхээ эрхэнд байдаг. Мэдлэг бол мөн л дээшээ ургадаг цогцолсон пирамид бус хүний өдөр тутмын оршихуйд байдаг эд билээ. Мэдлэгийн талаар Фуко Мэдлэгийн эрэл хайгуул малтлагаа хэмээх бүтээлдээ илүү тодорхой өгүүлсэн байдгийг тусад нь үзэх хэрэгтэй болов уу.

 

Төгс төгөлдөр удирдагдсан төгөлдөржсөн нийгэм гэдэг бол цэвэр утопи мөн[7]. Дээрх өгүүлсэн дүгнэлт дээрээ үзхүл энгийн эрх чөлөөт хүмүүс бид ч нэг төрлийн өөрсдийн бүтээсэн соёл иргэншлийнхээ шоронд амьдардаг. Жинхэнэ шоронд суугчдаас юугаараа ялгаатай вэ гэвэл өөрсдийгөө эрх чөлөөтэй байна гэж боддог. Ямар ч хүн үргэлж өөрөө эрх мэдлээ өсгөхийн төлөө байдаг нь эргээд нийгэмдээ эрх мэдэл бол энгийн зүй тогтол гэж хүлээн зөвшөөрөх орчныг үүсгэжээ. Бид яагаад шорон шиг зохион байгуулалтад амьдарч байна вэ гэвэл хүн болгоныг нэг статус байр суурь, үүрэг хариуцлага оногдуулж албан тушаал ажил мэргэжил эзэмшүүлснээр хүн болгон нэг төрлийн мэргэшил, үүрэгтэй болж хүний нийгэм тэр чигтээ сахилга батын хүлээсэнд орсон. Тус тусад нь салгаж анги давхарга үүсгэж хоорондых нь харилцааг сахилга бат дүрэм, эмх журмаар зохицуулдаг. Хүмүүсийг хэрэгтэй хэрэггүй хэмээн ялган дугаарлаж хэрэгтэй гэгдсэн хүмүүсийн бие махбодод хөрөнгө оруулж (боловсрол эмнэлэг гм)хэрэггүй гэсэн хүмүүсийг ялган салгаж хорьдог (Жишээ нь галзуу хүмүүс)[8]. Товч тодорхойгоор өгүүлбэл сахилга бат гэдэг бол олон жижиг техникийн иж бүрдэл. Шорон гэгч тэгэхээр үйлдвэрүүд, сургуулиуд, цэргийн отряд, эмнэлэгийхэнтэй яг адил бүтэц, зохион байгуулалттай, мөн чанартай. Нэг хүн тэгэхээр эхээс төрснөөсөө авхуулаад нэг шоронгоос нөгөө шорон дамжсаар явдаг.

 

 

Дээр дурьдснаар Эрх мэдэл Мэдлэг дээр суурилаж байна[9]. Эрх мэдлийн нүүр царайг нэг бүрчлэн дүрслэн үзүүлснээр мэдлэг мэдэцтэй хэрхэн нягт холбоотойг батлан харуулах явдал юм. Өөрөөр хэлбэл мэдлэг эрх мэдэл хоёрын холбоо харилцан үйлчлэл бол энэ бүтээлийн бас нэг зангилаа билээ. Мэдлэг бол эрх мэдлийн хэрэглэдэг стратегийн загваруудыг тодорхойлдог. Үүний зэрэгцээ эрх мэдэл нь эргээд мэдлэгийн орон зайг бүрдүүлж өргөжүүлж байдаг гэжээ. Бодит жишээ татвал илүү ойлгомжтой болов уу. Эмч хүн олон жил суралцаж анагаах ухааныг эзэмшснээрээ өвчтөнөө эмчлэх чадвартай болдогийг өвчтөн нь зүй ёсоор бүрэн хүлээн зөвшөөрч өөрийнхөө биеийг эмчдээ даатгах хэмжээнд хүрдэг. Хэрэв энэ эмч гэгдэх хүнд хүн анагаах мэдлэг байгаагүй бол энэ хүн өвчтөнийг эмчлэх эрх мэдэлгүй. Энэ бүх үйл явц орчин цагийн нийгэмд хаа сайгүй илэрч буй бөгөөд байх ёстой хэмжээнээсээ хэтрэх хэмжээнд хүрээд байгаа нь ойлгомжтой. Хөрөнгө оруулагчдыг аваад үзье. Гадна дотны Хөрөнгө оруулагчдын хамгийн эцсийн зорилго бол оруулсан хөрөнгөө үр ашигтай эргээд буцааж авах. Хөрөнгө оруулагч нар хуралдаад нэг хүнийг сонгож ашигтай болгох явцаа даатгалаа. Тэгээд даатгаад хаячиж байгаа тул тэр хариуцлагыг хүлээсэн захирал ямар аргаар хэнийг хохироож хэрхэн ашигтай ажиллуулах нь хөрөнгө оруулагчдын нүднээс далд явагддаг. Тэр хүнч хурлаар сонгогдсон эрх мэдлээ зүй ёсны болгож зөвтгөхийн тулд өөртөө буй мэдлэг чадвараа ашиглаж юу ч хийхээс буцахгүй байдалд хүрдэг.

 

Эрх мэдэл хаа сайгүй үргэлж байнга энд тэнд оршиж бүхний өмнө ил байлгадагч өөрөө нууц байдалд оршдог (Паноптизм)[10]. 1791 онд Бэнтхам гэдэг хүний боловсруулсан шоронгийн зохион байгуулалтыг нэрлэхдээ Өөрөө харагдахгүйгээр бусдыг хянаж байдаг систем боловсруулсныг Паноптизм гэдэг. Бэнтхам Английн шоронгуудад ийм систэм архитектор гаргаж өгсөн нь эдүгээгийн эрх мэдэл оршин тогтнодог хэлбэрийн маш тодорхой жишээ болж буй нь энэ ажээ. Бөөрөнхий хэлбэртэйгээр олон өнцөгт нь байрлуулснаар хоригдож буй улсыг нэг зэрэг дээрээс өөрөө харагдахгүйгээр хянаж цагдаж байх боломж Бэнтхамын архитекторчлолын ачаар үүсчээ. Эдүгээ энэхүү технологи газар авч энгийн нийгэмд халдварлаж энд тэндгүй интернет сүлжээ, элдэв камераар алсаас хийгддэг болсныг бид дээр өгүүлсэн. Ийнхүү Эрх мэдэл гэгч алсаас байхгүйгээр хаа сайгүй оршдог, ямарч нүүр царайгүйгээр харж хянаж тандаж байдаг бөгөөд энэ үйл явц хүмүүсээр өөрсдөөр нь зүй ёсны хэмээн зөвшөөрүүлэн хийлгэдэг. Ингээд нийгмийн нэг төрлийн хүлээсэнд байлгадаг.

 

Паноптик систем явсаар байгаад нормжиж дүрэмжиж хуульчлагдаж сахилга батажсан нийгмийн анхны загвар болж үлджээ. Энэ паноптик шоронгийн загвар нь номны голд байдаг бөгөөд үүнийг тусад нь энэхүү товчлолдоо хавсаргав.

 

Нийгмийг эрх мэдлийн эрхшээлд оруулахад сахилга бат, дэг журам асар их үүрэгтэй хэрэгсэл болдог нь тодорхой тул Фуко бүхэл бүтэн бүлгээ Сахилга бат хэмээн гарчиглаж нарийн шинжилсэн нь энэ бүтээлийн 3-р бүлэг юм. Эмх журам сахилга батын үүсэл хөгжил нь эдийн засаг, шүүх засаглал, улс төрийн, шинжлэх ухааны хөгжилтэй шууд холбоотой. Сахилга бат гэгч нь эрх мэдлийн хэрэглэдэг арга хэрэгсэл. Энэ техник 3 шалгуурт захирагддаг (Улс төр, Эдийн засаг болон шүүх засаглал). Эрх мэдэл ийнхүү сахилга бат гэгч арга барилаараа дамжуулан эхлээд нүүдэллээд баригдахгүй байсан ард иргэдийг нэгтгэх гэсэн шалтгаанаар тоолж тоймолж ялгаж салгаж газар заан суурьшуулж тэндээс гаралтай хэмээн итгүүлж 18-р зуунаас эхлээд аюултай өсөж үржсэн ард иргэдийг сургууль соёл нэрээр хянах тогтолцоо бүрдүүлсэний гол зорилго бол эцэсдээ бүгдийг нь хянах явдал. Иймхүү хүүхэд сургуульд цэцэрлэгт орох мөчөөсөө эхлэн эрх мэдлийн хүлээсэнд орох явц эхэлж байгаа юм.

 

Эхлээд сахилга бат шорон, цэргийн отряд, эмнэлэг, сургууль хэмээх байгууллагуудад зарчимжиж үүссэн бөгөөд гол зорилго нь хүний мах бодыг дуулгавартай захирч элдэв эсэргүүцэлгүйгээр үр ашгаа өгдөг механизм болгоход чиглэдэг. Улам боловсронгуй болсон сахилга бат өнөөдөр Хүний өдөр тутмын амьдралд шингэж цаг завыг нь зохицуулж, алхах гишгэхийг нь тааруулж хөдлөх орон зайг нь заадаг. Иймээс ч цаг завыг болон орон зайг хүртэл ашигтай байлгах орчинг хүнээс шаарддаг болсон. Цаг бол мөнгө хэмээх ч суртал явагддаг болсон. Ингэж явагддаг болсон систем дээр ажиглалт хийж бүхэл бүтэн мэдлэг гаргаж авсныгаа эдүгээ социологи, нийгмийн сэтгэл судлал гэх мэтээр нэрлэдэг.

 

 

Эцэст нь дүгнэж хэлбээс :

 

 

Эрдэмтэн Фуко бол өөрийгөө улс төрийн онолч биш, философич ч бас биш гэдэг бөгөөд өөрийнхөө улс төрийн байр суурийг илэрхийлсэн бүтээл бичээгүй нэгэн билээ. 1984 онд 57 насандаа таалал төгссөн энэхүү эрдэмтэн эдүгээ дэлхийн олон эрдэмтэдийн бөгөөд нийгмийн шинжлэх ухааны бахархал болсон нэгэн билээ.

Энэ хүний бичлэгт схемчилж системчилж үечилсэн элдэв арга барилын хүлээс гэж байхгүй. Гэтэл монголын нийгэм судлаачид математик тоо бодож байгаам шиг системд оруулж онолын царанд хүлж гаргалгаа гаргав гэх гээд байдаг. Фукогийн бичлэг бол хэт нийгмийн сэтгэл зүй судлалын өнгө төрхийг агуулах боловч хүний нийгэмд цаг хугацааны туршид аюултай газар авч буй хөгжил дэвшил нэрээр улам боловсронгуй нууц хэлбэрт орсон эрх мэдэл гэгч юмны хувьсгал газар аван дэлгэрч, эрх чөлөөний талаар элдэв суртал гаргаж, угтаа бол хүнийг эрх чөлөөнөөс нь холдуулж боолчилж буйг үзүүлжээ. Ингэж үзүүлэхийн тулд эхлээд шорон гянданд эрүүлжүүлэх хүмүүжүүлэх нэрээр залхаан цээрлүүлэх гэсгээн тамлах үйл явцын хувьсалаар жишээ авчээ.

 

Харахад энэ ном зохион байгуулалттай мэт боловч ганц л зүйлийг яриад явдаг. Өгүүлбэр бүр нь жинтэй санагдавч ганц л асуудлыг тойруулан шинжилдэг. Энэ бол хүний нийгмийн өвчин болох эрх мэдлийн хүлээс нэг төрлийн шорон шиг юманд суугаад явдагаа хүмүүс мэддэггүй.

 

 

За ийм л байна даа. Миний товч танилцуулага хэтэрхий богино бас зарим асуудлуудыг нь орхигдуулсан байж болох талтай шүү. Орхигдуулсан ойлгоогүй юм байвал нэмээрэй. Энэ бяцхан товчлолыг бичихэд хэрэгтэй зөвлөгөө туслалцаа үзүүлсэн Андодоо баярлалаа. Удахгүй өөрөө үүнээс хэд дахин илүү сайн агуулгатай нийтлэл бичиж танилцуулна байх.

 

 


[1] Michel Foucault, Surveiller et Punir, Gallimard, 1975.

[2] Noam Chomsky (1928), Thomas Kuhn (1922), John Rawls (1922), Jurgen Habermas (1929) Jacques Derrida (1930) гм.

[3] 1968 оны хавар бол Францын орчин үеийн түүхэд гарсан асар том өөрчлөлт эхэлсэн үе юм. Орон даяар хамарсан ажил хаялт гэнэт явагдаж засаглах аппаратуудын хүнд суртал хэт дарангуйлсан эрх мэдлийн эсрэг тэмцэж нийгмийн олон салбарт болон хүмүүсийн ухамсарт өөрчлөлт гарахад хүргэсэн чухал үе билээ.

[4] Энэ бүтээлийн үндсэн томъёолол болох Бие махбодийн бодлогот технологи гэдэг үг монгол хэл дээр орчуулахад туйлийн хэцүү. Үндсэн утга нь хүний бие мах бодийг удирдан захирах үйл явц бодлоготойгоор бүхэл бүтэн технологи болж хувирсан гэсэн утгыг илэрхийлж буй.

[5] J. Donzelot, La Police des familles, Paris, Minuit, 1977 ; Ph. Meyer, L’Enfant ou la Raison d’État, Paris, Seuil, 1977 ; P. Lascoumes, Prévention et contrôle social, Paris, Masson, 1978 ; R. Castel, L’Ordre psychiatrique, L’âge d’or de l’aliénisme, Paris, Minuit, 1976 ; G. Deleuze et F. Guattari, L’Anti-Œdipe, Paris, Minuit, 1972.

[6] Savoir буюу Knowlegde нь монгол хэлэнд буух хэцүү байлаа. Мэдлэг гэдэг юу вэ ? Мэдлэг чадвар уу ? Мэдлэг ухаан уу ? Мэдэцийн цогц уу ? Мэдлэгийг бид дараагийн нийтлэл болох Мэдлэгийн эрэл хайгуул номонд тусгайлан авч үзнэ.

[7] Яг ийм дүгнэлтийг манай  үндэсний эрдэмтэн С.Дулам гуай Хүмүүний сүйрэл хэмээх өгүүлэлдээ тодорхой дурьдсан байдаг.

[8] Michel Foucault, Histoire de la Folie à l’âge classique, Gallimard.

[9] Энэ талаар дэлгэрэнгүй уншия гэвэл Michel Foucault, Power ; from Essentiel Works  of Foucault 1954-1984, edited by James D.Faubion, The new Press, New York, 1997.

[10] Jeremy Bentham гэж утилитарист эрдэмтэн анх гаргаж ирсэн зурагийг Мишэл Фуко боловсруулж энэхүү үгээр хоёр ойлголтыг уялдуулан гаргаж иржээ. Үүнд Паноптизм бол шоронгийн зохион байгуулалтын онол бөгөөд дараагийн утга нь иргэд хүмүүсийг эмх журамд оруулан сахилга батаар сургаж хянах цогц үзэгдэл.

Publicités